images

Европын холбооны санхүүжилтээр Монголын ажил олгогчдод мөнгөн туслалцаа олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-09


   Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзжээ. Тэд “Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл”-ийг идэвхжүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна. Европын холбооны санхүүжилтээр Монгол улсад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй энэ төсөл нь ажил олоход хүндрэлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангах ААН-үүдэд санхүүгийн туслалцаа үзүүлдэг ажээ. Тухайлбал, шинэ ажилтанд ажлын байранд туршлагажих хүртэл олгох цалингийн нэг хэсэг нь болж, ажил олгогчийн эдийн засгийн ачааллыг бууруулах зорилготой юм. Нөгөө талаар ажил олгогч цалингийн хэмжээгээ нэмэгдүүлж, ажилтнаа тогтвор сууршилтай ажиллуулахад дэмжлэг үзүүлэх ажээ. Дэмжлэг нь гурван хэлбэртэй. Тухайлбал, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчид тав хүртэл сарын хугацаанд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нэг хүнд 825 мянган төгрөгөөр тооцож олгоно. Мөн эдийн засгийн тэргүүлэх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 770 мянган төгрөгийг ижил хугацаанд олгоно. Харин гурав дахь хэлбэр нь нийслэл хот дахь бусад салбар, чиглэлийн ААН-д 550 мянган төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр тусгасан байна. Өнгөрөгч долоо хоногт  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталсан нь ажил олгогчийг дэмжсэн дөрвөн журмын төсөл байв. Энэ нь ажил олгогчид ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх болон үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, хяналт тавих журмыг төрөөс хэрэгжүүлэх зохицуулалт ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.