Тайваньд үйлдвэрлэсэн тусгай хувингаар усалсан мод сайн ургаж байна
Чихэнд чимэгтэй
2024-09-11
Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, "Хязгааргүй" байгаль хамгаалах сан, Тайвань улсын "Ци Синь" сан хамтран Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт 1000 ширхэг мод тарихаар болсон юм. Үүнээс өнгөрөгч зургаадугаар сард тарьсан эхний ээлжийн модод 90 хувийн ургалттай байгаа талаар Говийн их дархан цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. Энэ талбайд мод тарихдаа Тайванийн технологийн тусгай хувин ашиглажээ. Уг хувингаар мод услахад усыг хэмнэх, ус чийгийг модны үндэс рүү тасралтгүй дамжуулах, үндсийг хамгаалах, амьдрах чадварыг 7-8 дахин нэмэгдүүлэх давуу талуудтай бөгөөд дахин боловсруулсан цаасны целлюлозыг ашиглан үйлдвэрлэжээ. Уг хувин модны суулгацыг нэг сарын турш ус чийгээр бүрэн хангах төдийгүй ердөө найман литр ус зарцуулдаг байна. Харин дараа нь борооны ус болон зөөвөрлөн авчирсан усаар нэмэлт чийг өгөх ажээ. Мөн энэ хувингаар Тайванийн хуурай, хөрсний доройтолд орсон бүс нутагт энэ хувинг ашигласнаар модны суулгацын амьдрах чадварыг 10-аас 95 хувь хүртэл нэмэгдүүлсэн байна. Говийн их дархан цаазат газрын "А" хэсэг нь манай хамгийн том газар нутагтай улсын тусгай хамгаалалттай газар юм. Говь голдуу энэ газар нэн ховор мазаалай баавгай, хавтгай тэмээний гол нутаг болдог юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.