Монгол дугуйчид ДАШТ-ийг зорилоо
Чихэнд чимэгтэй
2024-09-20
Дэлхийн дугуйчдын аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн хоёр жилд зөвхөн ОУХМ С.Жамбалжамц эх орноо төлөөлөн оролцдог байсан бол Швейцар улсын Цюрих хотод болох энэ удаагийн ДАШТ-д манай улсаас хамгийн олон буюу есөн тамирчин, хоёр дасгалжуулагч оролцох гэж байна. Тэд элит, U23 насны, өсвөрийн, холимог багийн төрөлд уралдана. Тэмцээн энэ сарын 22-нд элит төрлөөр эхлэх бөгөөд энэ төрөлд уралдах манай дугуйчид өчигдөр Швейцарыг зорив. ДАШТ-д Олимпын наадмын адил эрх авч оролцдог. Энэ жил 50 орны 200 дугуйчин эрхээ авчээ. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Төгөлдөр, Э.Алтан-Очир нарын удирдлага дор нийт есөн тамирчин өрсөлдөнө. Тухайлбал, элит ангилалд “Парис-2024” Олимпын наадмын оролцогч С.Жамбалжамц, залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт Б.Тэгшбаяр, УАШТ-ий аварга Э.Билгүүнжаргал оролцох бол U23 насны ангилалд Б.Батбаатар, А.Даваажаргал, Х.Тэмүүлэн нар уралдана. Тэгвэл эмэгтэйчүүдээс ААШТ-ий хүрэл медальт Ц.Солонго, спортын мастер Ж.Анужин, Б.Энхмаа өрсөлдөх бол өсвөр үеийнхний хөвгүүдийн ангилалд Э.Хишигсайхан, А.Хүслэн хурд сорих юм. Онцолбол, Монголын эмэгтэй дугуйчид тус тэмцээний холимог багийн төрөлд анх удаа өрсөлдөх гэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.