Улсын санд утга зохиолын бүтээл худалдаж авна
Чихэнд чимэгтэй
2024-10-01
Монгол улсын Засгийн газраас өнгөрсөн онд улсын санд утга зохиолын бүтээлүүдийг худалдан авах тогтоол гаргасан билээ. Энэ хүрээнд Монголын Зохиолчдын эвлэлийн номын төвд энэ сарын 3-16-ны хооронд утга зохиолын найман төрлийн бүтээлийг хүлээн авах гэж байна. Тухайлбал, уран бүтээлчид хүүрнэл, драмын, баримтат, зөгнөлт, хүүхдийн зохиол болон яруу найраг, шог хошин, утга зохиолын орчуулга, уран зохиолын судлал, шинжлэлийн бүтээлүүдээ ирүүлэх боломжтой ажээ. Зохиолч эдгээр бүтээлүүдээ сүүлийн нэг жилд туурвисан байх ёстой бөгөөд бүтээл нь зохиогчийн эрхийн аливаа зөрчилгүй, тухайн онд болсон утга зохиолын уралдаан, наадамд оролцож тэргүүн болон дэд байр эзэлсэн байх шаардлагатай гэнэ. Худалдахаар ирүүлсэн бүтээлүүдийг улсын сан хөмрөгт худалдан авах санал, дүгнэлт гаргах эрхтэй Мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгнө. Орон тооны бус гишүүдээс бүрдсэн уг зөвлөл 11 дүгээр сард шалгаруулалтын дүнг эцэслэн зарлаж, шалгараагүй бүтээлүүдийг зохиогчид буцааж өгөх юм байна. Улсын санд өмнө нь дүрслэх урлаг, хөгжмийн томоохон бүтээлүүдийг авдаг байсан бол энэ оноос утга зохиолын бүтээлүүдийг авч байгаа нь энэ юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.