Хамба Д.Жавзандорж сургуулийн сурагчдад хичээл заана
Чихэнд чимэгтэй
2024-10-22
Бурхан багш эхийн ачийг хариулсан дүйчин өдөр өнөөдөр буюу намрын адаг сарын 22-ны өдөр тохиож буй. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс энэ өдөрт зориулан зохиож буй арга хэмжээ өнөө өглөө эхэлсэн бөгөөд юуны түрүүнд 06:30-7:30 цагт Батцагаан дуганд хийдийн хамба лам Д.Жавзандорж сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээлээ. Улмаар тэрбээр 11 цагаас Нийслэлийн 77 дугаар сургуулийн сурагчдад “Эцэг эхийн ачийг хариулахуй” сэдвээр хичээл орно. Мөн хөтөлбөрийн дагуу Гандантэгчэнлин хийдийн Дүйнхор дацанд “Олон улсын шашин хоорондын яриа хэлэлцээр” хурал болох бол Батцагаан дуганд 13 цагаас Дарь эхийн даган соёрхол хүртээх үйл ажиллагаа эхэлнэ. Мөн 14 цагаас Жанрайсигийн дуганын өмнөх талбайд хийдийн дэд хамба С.Гантөмөр Эцэг эхийн ачийг хариулах ерөөл унших юм. Дүйчин өдрийн туршид Гандан дуганд “Бурхан багшийн чого”, Очирдарийн дуганд “Дэмчигийн чого” хурах ажээ.
Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн энэхүү дүйчин өдөр нь Бурхан багшийн 12 зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг юм. Энэ өдрийн турш нэг өдрийн сахил сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин сэтгэлийг ариусгах, ерөөл ном хурж, Бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах судар” тэргүүт номыг унших нь ихэс дээдсийнхээ ачийг санаж үр хойчдоо үлгэр дуурайлал болох хүнлэг сэтгэл, ёс зүй, хүмүүжлийн хувьд ихээхэн ач холбогдолтой гэж үздэг байна.
Гэрэл зургийн эх сурвалж: Гандантэгчэнлин хийд
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.