Ирэх сараас автомашины улсын дугаар олголтыг хязгаарлана
Чихэнд чимэгтэй
2024-10-23
Импортын тээврийн хэрэгсэлд ирэх сарын 8-наас Улаанбаатар хотын дугаарыг хязгаартай олгохоор болжээ. Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр өгсөн мэдээллээр, тээврийн хэрэгсэлд дугаар олгоход хэд хэдэн шалгуурыг харгалзан үзэх гэнэ. Тухайлбал, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Улаанбаатар хотын оршин суугч байх, Авто замын болон Зөрчлийн тухай хуулийн дагуу татвар, торгуулиа бүрэн барагдуулсан, даатгалд хамрагдсан, автомашин сүүлийн 10 жилд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүр нь экологийн ангиллаараа "Евро-4" болон түүнтэй дүйцэхүйц болон зөв рультэй байвал давуу эрх олгох ажээ. Мөн 12 дугаар сарын 1-нээс торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд урт хугацаандаа метро барих, дунд хугацаандаа хурдны зам тавих ажлыг төлөвлөсөн бол богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэг нь энэ гэдгийг хотын даргын орлогч онцлов. Сонирхуулахад, нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 75 хувь нь буруу рультэй бөгөөд ийм төрлийн автомашин зам тээврийн осол гаргах нь их байдаг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.