Хонконгод дахин нэг монгол хүүг үнэ төлбөргүй эмчилж байна
Чихэнд чимэгтэй
2024-10-25
Хонконгийн "Матильда" олон улсын эмнэлэгт эмчлүүлж буй долоон настай монгол хүүгийн мэс засал амжилттай болжээ. Энэ сарын 23-ны өдөр түүний гурав дахь мэс засал товлогдож, хүүхдийн бөөрний мэс заслаар мэргэшсэн профессор Юн Чун Квок гардан гүйцэтгэсэн байна. Эмнэлгийн зүгээс монгол хүүг зургаан сарын дараа Хонконгт ирж, эмчийн хяналтад орохыг зөвлөжээ. "Матильда" эмнэлэг нь 1907 онд байгуулагдсан тус бүс нутгийн хамгийн эртний хувийн эмнэлгүүдийн нэг ажээ. Үүнээс өмнө өнгөрөгч есдүгээр сард тус эмнэлэгт сонсголын бэрхшээлтэй, долоон настай монгол хүүд мэс заслын эмчилгээгээр яс дамжуулах соронзон аппарат суулгажээ. Улмаар хүүгийн сонсголын чадвар нь сайжирч долоо хоног хяналтад байж байгаад нутагтаа ирсэн байна. Тус эмнэлэгт манай улсад хүндрэлтэй, ховор, нарийн мэргэжлийн эмч, эмчилгээ шаардсан оноштой монгол хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлүүлэх аяныг Монгол улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулын газар, МИАТ ТӨХК-тай хамтран өнгөрсөн оны 12 дугаар сараас хэрэгжүүлж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.