Европын холбоо гурван аймагт хөдөө аж ахуйн менежментийн төсөл хэрэгжүүлнэ
Чихэнд чимэгтэй
2024-11-05
Европын холбоо болон Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас манай улсад 2028 оныг хүртэл хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах төсөл хэрэгжүүлэн санхүүжүүлэхээр болсон билээ. Европын холбоо манай улстай 2022 оноос ойн түншлэлийн гэрээ байгуулан, 2021-2024 оны наймдугаар сар хүртэл дээрх төслийг хэрэгжүүлсэн юм. Тэгвэл төслийн хоёрдугаар шатыг Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий аймагт хэрэгжүүлэхээр болж өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймагт эхэллээ. Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн төслийн зарим үр дүнгээс дурдвал, Ойн газрын санаачилгаар Ойн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүлжээ. Мөн махны чиглэлийн төрөлжсөн, түргэн өсөлттэй улаан ангус үүлдрээр нийт 1160 үхэрт зохиомол хээлтүүлэг хийж, мал үржлийн бодлогын ач холбогдлыг таниулах ажлыг зохион байгуулсан байна. Ингэснээр богино хугацаанд эдийн засгийн эргэлтэнд орох боломжийг бий болгож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хүнсний хангамжийн системийг бий болгохоор зорьсон байна. Түүнчлэн Хэнтий аймгийн Биндэр сумын эмэгтэйчүүд сүүний нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлснээр сумын 1-5 дугаар ангийн 406 сурагч үдийн хоолондоо зөгийн балтай сүү, тараг, зөөхий, ванильтай аарц, исгэлэн ундааг 2022 оноос хэрэглэж эхэлжээ. Харин уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, ойн модны ач холбогдлыг ойлгуулах таниулах зорилгоор нөлөөллийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж, 24500 хүүхэд залууст хүрчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.