images

Монголд агаарын судалгааны дөрвөн станцыг үнэгүй шинэчилж өгнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-06


   Францын "Prometeo" холбооноос энэ сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулсан Төв Ази болон Кавказын есөн орны цаг уурын байгууллагуудын уулзалтад манай улс оролцлоо. Энэ удаагийн уулзалтыг цаг уурын ажиглалт, хэмжилтийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийг дэмжих зорилгоор зохион байгуулжээ. Тус уулзалтад Монголыг төлөөлж очсон Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Л.Оюунжаргал цаг уур, хөдөө аж ахуй, замын нөхцлийн автомат станц үйлдвэрлэдэг "Sterela", "Pulsonic" компани, агаарын бөмбөлөг үйлдвэрлэдэг "MeteModem", агаарын бөмбөлөг хийлэх, устөрөгчийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг "Sagim", аянга цахилгаан илрүүлэх төхөөрөмжийн "MeteoRage", Францын цаг уурын байгууллагын гадаад хамтын ажиллагааг хариуцдаг "Meteofrance International" компаниудтай хамтран ажиллахаар санал солилцжээ. Эдгээр яриа хэлэлцээний үр дүнд 2025 онд "MeteModem" компаниас Монголд агаарын дөрвөн станцын газрын хүлээн авах станцыг үнэгүй шинэчилж өгөхөөр болсон байна. Агаарын станц нь агаар мандлын дээд давхаргад ажиглалт судалгаа хийдэг обьект. Харин агаарын бөмбөлөг нь устөрөгчөөр дүүргэн агаар мандалд хөөргөж, агаарын температур, чийгшил, салхины хурд, чиглэлийг хэмждэг мэдрэгч бүхий радиозондтой юм. Радиозонд нь цуглуулсан мэдээллийг дэлхий рүү буцааж илгээдэг радио дамжуулагчтай бөгөөд GPS-ээр байрлалыг нь хянадаг байна. Аэрологийн бөмбөлгийг цаг агаарын урьдчилсан мэдээг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийг хянах зорилгоор ашигладаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.