Төрийн ордонд 50 гаруй тэмээчин зөвлөлдөв
Чихэнд чимэгтэй
2024-11-18
Найман аймгийн 50 гаруй тэмээчин өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд болсон “Монгол тэмээ-тогтвортой хөгжлийн боломж” уулзалтад оролцлоо. Тус уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулсан бөгөөд НҮБ-аас 2024 оныг Олон улсад тэмээний жил болгон зарласан билээ. Уг хуралд улсын аварга тэмээчин, улсын аварга малчин, аймгийн алдарт уяач тэргүүтэй тэмээчид оролцон тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэх, улсын цол олгох, ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж зах зээлд гаргах, түүхий эдийг боловсруулах, тэмээний уралдаан, тэмээн соёлыг дэлхийд таниулах чиглэлээр санал солилцжээ. Мөн аймаг орон нутагтаа хэрхэн түүхий эдээ боловсруулж, үйлдвэрлэл эрхэлж байгаа шинэлэг арга барил, мэдлэг туршлага хуваалцаж танилцуулсан байна. Сонирхуулахад, дэлхий дээр нийт 42 сая тэмээ байдгаас нэг сая нь хос бөхт тэмээ байдаг. Үүний 50 хувь нь буюу 475 мянга гаруй нь манай улсад байдаг бөгөөд говийн иргэдийн нүүдлийн уламжлал, ахуй соёл, амьжиргааны гол үндэс суурь болдог юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.