images

ШУТИС-ийн оюутнуудад АНУ-д суралцах өргөн боломж нээгдэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-18


      Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль нэг жилийн өмнөөс АНУ-ын Жорж Мэйсоны их сургууль, Баруун Виржиниа мужийн Чарльстоны их сургуулиудтай хамтран ажиллах хэлэлцээ эхлүүлсний эхний үр дүн гарч байна. Сургуулийн удирдлагууд энэ сарын эхээр АНУ-д урилгаар очиж, хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээ байгуулсан байна. Тодруулбал, өнгөрсөн сарын 28-нд Жорж Мэйсоны их сургуулийн удирдлагатай хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Ингэснээр хоёр сургууль нийтийн удирдлага, олон улсын худалдаа, бодлогын чиглэлээр бакалавр, магистрын зэрэг олгох хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэн оюутнуудыг хөнгөлөлттэй нөхцлөөр буюу дотоодын оюутны зардлаар сургах болж байна. Түүнчлэн Жорж Мэйсоны их сургуулийн профессоруудын хичээлд цахимаар суралцах боломжийг ШУТИС-ийн оюутнуудад нээжээ. Цахим хичээлийн үр дүнг кредитээр тооцон хоёр сургууль тус бүртээ дүйцүүлэн тооцох ажээ. ШУТИС-ийн удирдлагууд дараа өдөр нь АНУ-д мэдээллийн аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийн чансаагаар эхний дөрөвт жагсдаг Чарльстоны их сургуульд очиж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү гэрээгээр ШУТИС-ийн оюутнууд Чарльстоны их сургуульд бизнесийн удирдлага, дата анализ, мэдээллийн аюулгүй байдал, нийгмийн ажил болон бусад чиглэлээр бакалавр, магистрын зэрэг олгох 3+2 болон хос магистрын зэрэг олгох 1+1 хөтөлбөрт 20-50 хувийн тэтгэлэгтэй суралцах боломжтой болов. ШУТИС-ийг АНУ-ын их, дээд сургуулиудтай хамтран ажиллахад АНУ-д суугаа Монголын Элчин сайдын яам гүүр болж өгснийг тус сургууль албан ёсны вэбсайтдаа онцолжээ.

   ШУТИС-ын удирдлагууд мөн энэ сарын 1-ний өдөр АНУ-ын Денвер хотын Колорадогийн уул уурхайн сургуультай сургалт судалгаа, солилцооны хамтын ажиллагааг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр уул уурхайн геотехник, уул уурхайн нийгмийн бодлого, эрдэс баялгийн бодлого, эрх зүй, менежментийн чиглэлээр хамтарч оюутнуудаа сургах, оюутны хичээлийн кредит цагийг харилцан хүлээн зөвшөөрч, ойрын хугацаанд оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрийг эхлүүлэхээр болов. Энэ хамтын ажиллагааг "Оюу Толгой" компани болон “Гэгээн” ТББ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.