images

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-21


   Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Тус хуульд “Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй” гэж заажээ. Тэгвэл хуульд заасан уг хугацаа нь улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил эрхэлдэг байгууллагад гадаад ажилтан урих үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг тул өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар гадаад ажилтан авч ажиллуулах ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хөрөнгө оруулагчид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ажлын байрны төлбөрөөс хөнгөлүүлж, чөлөөлөгдөх ажээ. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж байгаа юм. Энэ хүрээнд дотоодын ажиллах хүчний хомсдолыг нөхөх зорилгоор гадаадын иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх уян хатан бодлого баримталж ирсэн хэдий ч эдийн засгийн үйл ажиллагааны бүтээмж өндөртэй уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо, санхүү даатгал, үл хөдлөх хөрөнгийн салбарт гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаартай тогтоож, монголчуудыг түлхүү ажиллуулахыг дэмжинэ гэдгийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн байна. Харин барилга, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын салбарт гадаад ажилтны тоо, хувь хэмжээ, ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг Засгийн газар тогтоох шаардлагатай гэж үзжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.