Монгол улсын анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойг Сөүлд тэмдэглэв
Чихэнд чимэгтэй
2024-12-16
Монгол улс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүндэтгэлийн ёслолыг Өмнөд Солонгост суугаа Монгол улсын ЭСЯ өнгөрөгч баасан гарагт Сөүл хотод зохион байгууллаа. Ёслолд Өмнөд Солонгосын төрийн байгууллагууд, тус улс дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд, хувийн хэвшлийнхэн болон тэнд ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчуудын төлөөлөл оролцсон байна. Элчин сайд С.Сүхболд ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг онцгойлон тэмдэглээд, ирэх жил тохиож буй Монгол, БНСУ улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээнийхээ талаар танилцуулав. Ёслолд Өмнөд Солонгосын талаас Гадаад хэргийн яамны Төв болон Зүүн хойд Азийн газрын захирал Кан Ён Шин оролцсон бөгөөд тэрбээр хоёр улсын худалдааны хэмжээ дипломат харилцаа тогтоож байсан үеийнхээс даруй 200 дахин нэмэгдэж, БНСУ нь Монголын дөрөв дэх том худалдааны түнш улс болсныг цохон тэмдэглэлээ. Монгол улсыг зорих солонгосчуудын тоо тасралтгүй өсөн нэмэгдэж, жилд дунджаар 200 мянган хүн харилцан зорчиж байгааг тэрбээр хэлсэн үгэндээ онцолжээ. Хүндэтгэлийн ёслолд уртын дуучин Б.Мөнхбаатар, Морин хуурын чуулга, “ANU Music” студийн хөгжимчид оролцож, Монголын ардын болон сонгодог урлагийн бүтээлүүдээс тоглосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.