Их Британи: 40 настай эгч нь 34 настай дүүдээ умайгаа өгөв
Анд нөхдийн мэдээ
2023-08-24
Их Британийн Оксфордын их сургуулийн дэргэдэх “Churchill” эмнэлгийн мэс засалчид умай буюу сав шилжүүлэн суулгах мэс заслыг өнгөрөгч хоёрдугаар сард Их Британид анх удаа хийжээ. Уг хагалгааг Англид амьдардаг 34, 40 настай эгч дүүс хийлгэсэн бөгөөд тэд олон нийтээс нэрээ нууцлахыг хүссэн байна. Тодруулбал, 40 настай эгч нь 34 настай дүүдээ умайгаа өгсөн аж. Эмч нарын хэлж буйгаар эгч дүүсийн бие сайн тэнхэрсэн бөгөөд дүү нь нөхрийн хамт үр шилжүүлэн суулгуулахад бэлтгэж байгаа бол эгч нь хэдийнэ хоёр хүүхдийн ээж гэнэ. Сав шилжүүлэн суулгах мэс заслыг 30 эмч 17 цагийн турш хийсэн байна. Энэ хагалгааны эрхтэн олох багийг ахалсан эмэгтэйчүүдийн мэс заслын эмч, профессор Ричард Смит сав шилжүүлэх мэс заслыг 25 жилийн турш судалжээ. Тэрбээр тус хагалгааны тухай “Энэ бол нийтийн амжилт” гэсэн бол умай суулгах мэс заслын багийг ахалсан Изабэл Күйрога саваа өгсөн эгчийг нь бүхнээс илүү аз жаргалтай байгаа тухай “BBC” агентлагт ярьсан байна. Харин умай шилжүүлэн суулгуулсан дүүд нь хагалгаанд орсноос хоёр долоо хоногийн дараа сарын тэмдэг нь иржээ. Тэрбээр эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн өвчтнүүдийн адилаар дархлаа дарангуйлах эм хэрэглэж байгаа бөгөөд энэ нь урт хугацаанд эрүүл мэндэд эрсдэлтэй юм. Мөн түүний үтрээ хоёр жирэмслэлтийн дараа алга болох гэнэ. Учир нь тэрбээр төлөлхийн Mayer-Rokitansky-Küster-Hauser (MRKH) гэдэг өвчинтэй бөгөөд энэ нь умайгүй эсвэл умайн хөгжил муутай байхыг хэлдэг ажээ. Гэсэн хэдий ч эмэгтэй өөрийн төрүүлсэн хүүхэдтэй болохоор зорьж сав шилжүүлэн суулгуулсан төдийгүй нөхрийн хамт найман үр хөврөл эмнэлэгт хадгалуулсан байна. Энэ хагалгааг хийлгэсэн хүмүүсээс хамгийн анх хүүхэд төрүүлсэн нь 2014 онд нярайлсан швед эмэгтэй аж. Тэрбээр 60 настай найзаасаа умай шилжүүлэн суулгуулж байжээ. Түүнээс хойш ийм хагалгаа дэлхий даяар 100 хүн хийлгэж 50 нь хүүхэдтэй болсон байна. Тэр 50 хүүхдийн ихэнх нь АНУ, Шведэд төрсөн бөгөөд үлдсэн нь Турк, Энэтхэг, Бразил, Хятад, Чех, Герман, Францад төрсөн аж. Харин Их Британийн мэс засалчид энэ хагалгааг хийх зөвшөөрлийг 2015 онд авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.