images

Илон Маскийн намтар 32 оронд нэгэн зэрэг хэвлэгдэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-13


   "Apple" үүсгэн байгуулагч Стив Жобсын намтрыг бичсэн Уолтер Айзексон “21 дүгээр зууны ном” цувралаараа энэ удаа Илон Маскын тухай ном гаргажээ. Тэрбээр долоо хоногт 100 гаруй цаг ажилладаг, ажилдаа бүхнээс илүү дуртай И.Маскыг хоёр жил гаруй хугацаанд сүүдэр мэт дагаж, уулзалтанд нь оролцож, үйлдвэрүүдээр нь хамт явж байж түүхийг нь бичсэн байна. Ингээд "Илон Маск" ном гаргасан бөгөөд өнөөдөр энэ ном АНУ, Солонгос зэрэг 32 оронд нэгэн зэрэг хэвлэлтээс гарч байна. Зохиогч түүний олон нийтийн болон хувийн амьдрал, тэр дундаа хачирхалтай, урьдчилан тааварлашгүй зан чанар, тогтворгүй гурван удаагийн гэрлэлт, эрсдэлийг эрэлхийлсэн бизнесийн хэв маягийг дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Уг номонд зөвхөн И.Масктай төдийгүй, Жефф Безос, Билл Гэйтс зэрэг Цахиурын хөндийн аваргууд, мөн хамт олон, гэр бүл, хуучин эхнэрүүд зэрэг 300 гаруй хүнтэй ярилцаж, түүний туулсан зовлон зүдгүүр, алдар хүнд, ээдрээтэй амьдралын тухай өгүүлсэн байна.

   И.Маск 1971 онд хүчирхийлэл ихтэй ӨАБНУ-д төржээ. Түүнийг гурван нас хүрэхэд нь цэцэрлэгт өгсөнд нас бага байна гээд авахаас татгалзжээ. Гэвч ээж нь зүтгүүлсээр байгаад оруулж дөнгөсөн байна. Бяцхан хүү Илон багшийн хэлж байгаа зүйлд огт анхаардаггүй, асуулт асуухад тэс өөр зүйл хэлдэг байжээ. Таван настайдаа аав, ээжтэйгээ муудалцан гарч яваад хоёр цаг гаруй ганцаар алхан үеэлийнхээ гэрт очиж байсан, зөрүүд хүү байжээ. Аав нь холыг мөрөөдөгч, эрс тэс зантай нэгэн байж. Хэдий нөхөрсөг зантай ч тэрбээр хаврын тэнгэр шиг ааштай, хүүгээ хэдэн цагаар загнаж үглэдэг байжээ. Энэ мэт байдлаас болж эхнэр нь тэвчиж чадалгүй салжээ. Маск эцгийнхээ дарамт, нөлөөнөөс гарахыг оролдсон боловч амьдралынхаа туршид чадаагүй гэнэ. Мөн тэрээр Аспергерийн синдромтой байжээ. Энэ нь зан аашийн хувьд хүмүүстэй харьцахдаа байнга асуудал үүсгэдэг, сонирхол, хүсэлдээ байнга өөрөө хориг тавьдаг нэг төрлийн эмгэг юм. Түүнээсээ болж багадаа сургуулийн амьдралд дасан зохицоход хэцүү байсан гэнэ. Сургууль дээрээ байнга дээрэлхүүлж, гадуурхагддаг байжээ. Түүнд найз нөхөд байсангүй. Иймээс ном унших нь түүний ганц дуртай ажил болсон бөгөөд шөнө дөл болтол ном уншиж хэвтдэг байжээ. Ницшег уншаад нигилизм буюу бүхнийг үгүйсгэх үзэлд автсан тухайгаа онцлон ярьсан байна. Тэр үедээ тэрбээр Дуглас Адамсын " The Hitchhiker's Guide to the Galaxy" номыг уншиж, сансар огторгуйг судлахыг насан туршийн мөрөөдлөө болгожээ.

   Улмаар 18 настайдаа тэрбээр Канадад очин коллежид сурч байгаад гуравдугаар курсдээ АНУ-ын Пенсильванийн их сургуульд шилжин суралцаад физик, бизнесийн удирдлагын чиглэлээр давхар мэргэжил эзэмшсэн байна. Өдрийн цагаар гудамжны хоолноос авч идээд сургуулийн кампусын зүлгэн дээр суугаад батарейны тухай эрдэм шинжилгээний өгүүлэл уншдаг байжээ. Сургуулиа төгсөөд Стэнфордод аспирантурт элсэн орсон боловч удалгүй бизнесийн замд хөл тавьсан байна. Тэрбээр дүүтэйгээ “Zip2” мэдээллийн компанийг үүсгэн байгуулж, ажлын өрөөнийхөө шалан дээр унтаж хонон өдөр шөнөгүй ажиллаж, христийн сүмд очиж усанд ордог байв. Ийнхүү нойр хоолгүй зүтгэж ажилласны эцэст амжилтанд хүрч, дөрвөн жилийн дараа компаниа 22 сая доллараар заржээ. Тэр мөнгөөрөө 1999 онд найз Фрикерийн хамт "X.com" компанийг үүсгэн байгуулж удалгүй “PayPal”-тай нэгджээ. Гэвч түүнийг хуримын бал сараа хийж явах хооронд “PayPal”-ын захирлуудын зөвлөл хуйвалдаж Стиб Жобсыг “Apple”-аас хөөсөн шиг түүнийг “PayPal”-аас хөөсөн байна. Тэндээс хөөгдсөн ч хувьцааныхаа хэмжээгээр ашиг авч байжээ. Энэ мэтээр оргүй хоосноос эхэлсэн тэрбээр хэдхэн жилийн дотор тэрбумтан болсон аж.

   Одоо тэрбээр сансар огторгуй руу бүх анхаарлаа чиглүүлж байна. Тэрбээр 2002 онд “SpaceX” компанийг үүсгэн байгуулав. Мартин Эберхард, Марк Тарпенинг нар 2003 онд “Тесла” компанийг үүсгэн байгуулахад Илон Маск 6.4 сая долларын хөрөнгө оруулалт хийж “Тесла”-гийн захирлуудын зөвлөлийн даргаар томилогджээ. Удалгүй тэрбээр дахин есөн сая долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд зөвлөлийн гишүүдтэй маргаан гарахад компанийн менежментийн ажилд илүү идэвхтэй оролцох болсон байна. Ингээд тэрбээр “SpaceX” болон “Tesla”-г хамтад нь удирдах болжээ. 2008 онд тэр хамгийн том хямралтай нүүр тулсан байна. “SpaceX”-ийн гурав дахь пуужин хөөргөх ажиллагаа бүтэлгүйтэв. Үүн дээр бүр нэрмээс болж “Тесла” дампуурлын ирмэг дээр тулж цалингаа хүртэл тавьж чадахгүйд хүрчээ. Найз нөхөд, гэр бүлийнхнээсээ мөнгө зээлж эхлэв. Түүний дүү Кимбалл санхүүгийн хувьд амаргүй байсан ч “Apple” компанийн хувьцаагаа зарж ахдаа тусалсан байна. Мөн найз Билли Ли нь 2 сая долларын хөрөнгө оруулалт, “Google”-ийн Сергей Брин 500,000 долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ингээд зогссонгүй, 2017 онд мөн хямралд оров. Энэ нь харин хувийн гэр бүлийн асуудал байлаа. Найз охин Амбер Хердээсээ салж, аав нь дагавар охин Жанаг  хүүхэдтэй болгосон тухай мэдээг сонсоод шоконд орсон Маск сэтгэл санааны гүн хямралд оржээ. Энэ үед тэрбээр бүх анхаарлаа зөвхөн ажилдаа анхаарал хандуулснаар энэ бүхнийг даван туулсан байна. Тэрdээр энэ мэт хэд хэдэн хямралыг туулсан ч эцэст нь “Tesla” болон “SpaceX”-ийг дэлхийн хэмжээний аварга компани болгож чадсан юм. Түүний эзэмшдэг “Solar City”, “Boring Company”, “Neuralink” компаниуд ч мөн улам томорсоор байна. Улмаар Twitter-ийг хүртэл өөрийн эзэмшилд авснаар "Илон Маскын эзэнт гүрэн"-ийг бий болгоод байна. Уг номонд эдгээр бүх үйл явцыг, тухай бүрд үүссэн хүндрэл бэрхшээл, ололт амжилт, тэр бүхнийг даван туулсан зам мөрийг машид дэлгэрэнгүй өгүүлжээ.

   Зохиогч Стив Жобсын намтрыг Илон Маскийн намтартай харьцуулан бичихдээ тухайн хоёр эрхмийн ижил төстэй болон ялгаатай талыг товойлгон гаргасан байна. Зохиогчийн өгүүлснээр Стиб Жобс нь ажилчдадаа зарим талаар бүдүүлэг, харгис хэрцгий ханддаг байжээ. Гэхдээ “iPhone” болон “Macintosh”-ийг бий болгоход ийм арга барил хөдөлгөгч хүч болсныг онцолсон байна. И.Маск ч мөн адил амаргүй зан авиртай болохыг дурдаад "Хэрэв тэр энгийн нэгэн байсан бол биднийг цахилгаан тээврийн хэрэгслийн эрин, Ангараг гараг руу хөтөлж чадах байсан уу?" гэсэн асуулт тавьжээ. Түүний эцэг эхийн хатуу ширүүн зан авир, сургууль дээрх гадуурхал, найз нөхдийн урвалт, ганцаардал, холыг мөрөөдөх, хэт их хүсэл тэмүүлэлд автах, эрсдэл аюулыг үл тоох, мөрөөдөлдөө хэт автах гэх мэт зан авир нь өнөөдрийн И.Маскыг бий болгожээ. Зохиогч түүнийг “Ер бусын агуу шинийг санаачлагч" гэж үнэлсэн байна. "Агуу шинийг санаачлагчид нь хар багаасаа хөтөвчид бие засахыг заалгахаас татгалздаг, эрсдлийг юман чинээ боддоггүй хүүхдүүд байдаг. Тэд бодлогогүй, ичгүүртэй, заримдаа бүр хор хөнөөлтэй байж болно. Мөн тэд галзуу, солиотой ч байж болно. Гэхдээ тэд дэлхийг өөрчилж чадна гэдэгтээ итгэдэг" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.