МУИС олон улсын өндөр чансаатай сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн багш нараа урамшууллаа
Чихэнд чимэгтэй
2023-12-04
Монгол улсын Их сургуулийн багш нар “Web of Science” системд бүртгэлтэй олон улсад нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 2023 онд 153 өгүүлэл хэвлүүлжээ. Улмаар тус сургуулийн багш нар 38 өгүүллийн нэгдүгээр зохиогчоор, 50 өгүүллийн холбоо баригч зохиогчоор ажиллаж, үлдсэн 65 өгүүллийг гадаадын судлаачидтай хамтран туурвисан байна. Иймд шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан өнгөрөгч баасан гарагт МУИС судлаач багш нараа дурсгалын цом, мөнгөн шагналаар урамшууллаа. Тус сургууль 2013 оноос судалгааны сургууль болохоор зорьж судалгаанд зориулан төсөв гаргадаг болсон бөгөөд энэ онд сургуулийн, дотоодын болон гадаадын байгууллагуудын санхүүжилтээр нийт 5.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 133 төсөл хэрэгжүүлжээ. Харин 2021, 2022 онд тус бүр дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр судалгааны төсөл хэрэгжүүлсэн байна.
"Web of science" мэдээллийн санд бүртгэлтэй өндөр чансаатай сэтгүүлүүдэд хэвлэсэн МУИС-ийн судлаачдын бүтээлд тус сургууль дүн шинжилгээ хийжээ. Үүнээс үзэхэд, МУИС-ийн судалгааны гол чиглэл нь байгалийн шинжлэх ухааных байгаа юм. Тухайлбал, 1967 оноос 2023 оны хооронд олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлсэн МУИС-ийн багш нарын 1670 орчим бүтээлийн 179 нь байгалийн шинжлэх ухаан, 126 нь экологийн шинжлэх ухаан, 92 нь математик, 91 нь хэрэглээний математикийнх байна. Үүний араас ургамал, амьтан судлал, цөмийн физик, физик, газар зүйн шинжлэх ухааны бүтээлүүд жин дарж байгаа аж. Сонирхуулахад, "Web of science" мэдээллийн санд бүртгэлтэй Монголын анхны судалгааны өгүүллийг МУИС-ийн багш Ш.Нацагдорж 1967 оны долоодугаар сарын 1-нд хэвлүүлжээ. Тэрээр Кэмбрижийн их сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Modern Asian Studies” сэтгүүлд “Монгол дахь феодализмын эдийн засгийн үндэс” өгүүлэл хэвлүүлсэн байна. Түүнээс хойш 56 жилийн хугацаанд МУИС-ийн багш нар 1600 гаруй өгүүлэл олон улсад хэвлүүлж, түүнээс 21 мянга гаруй эшлэл судлаачид авчээ. Улмаар Монголын их, дээд сургуулийн чансааг энэ онд анх удаа гаргахад МУИС тэргүүлсэнд багш нарынх нь хийдэг судалгааны ажил чухал нөлөө үзүүлсэн юм.
Тэгвэл тус сургууль ирэх онд судалгааны хамрах хүрээ, түвшин, эрдэм шинжилгээний бүтээл, эшлэлийн тоогоо нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Ингэхдээ нэг багшид ногдох эрдэм шинжилгээний бүтээлийн тоог тав болгох, судалгааны лабораторийн талбайг хоёр дахин нэмэх гэнэ. Мөн тогтмол судалгаа хийдэг тэргүүлэх судлаач багшийн тоог нийт багш нарын 60 хувьд хүргэхийг зорьж байгаа юм. Энэ нь багш нарын болон сургуулийн чансаа олон улсад дээшлэхэд чухал нөлөөтэйгөөс гадна эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байдаг ажээ. Тухайлбал, ""Web of Science" мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлүүдэд Монгол улсаас хэвлэгдсэн бүтээлийн үр нөлөөг байгууллагын түвшинд сайжруулах нь төсөл"-ийн үр дүнд Монголын их сургуулиудыг МУИС бүтээлээрээ тэргүүлж, 323 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг авчирчээ. Түүнчлэн 2021 онд МУИС нь олон улсын "U-Multirank" их сургуулиудын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны үзүүлэлтээр дэлхийн шилдэг 25 сургуулийн нэгээр нэрлэгдсэн юм. Тус сургуультай судалгаан дээр хамгийн их хамтран ажилладаг байгууллагуудыг Монголын ШУА, Оросын Цөмийн физикийн институт, Хоккайда их сургууль, Хятадын ШУА, Ломоносовын нэрэмжит их сургууль тэргүүлж байна. Харин улсаар нь авч үзвэл АНУ, Герман, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Орос, Англи тэргүүтэй 25 улстай хамтран судалгаа хийжээ. Тэгвэл судалгааны төслийн гол санхүүжүүлэгч нь Монголын үндэсний шинжлэх ухааны сан, Биологийн шинжлэх ухааны газар, Өмнөд Солонгосын үндэсний судалгааны сан зэрэг гадаадын шинжлэх ухааны сангууд байдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.