"Тунгалаг Тамир" роман франц хэлээр гарчээ
Чихэнд чимэгтэй
2024-07-05
Франц хэлээр орчуулан хэвлэсэн Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг албан ёсоор худалдаалж эхэллээ. Өнгөрөгч оны тавдугаар сарын 19-21-нд Улаанбаатар хотноо болсон олон улсын яруу найргийн форумын үеэр уг романыг франц хэлнээ орчуулах болсныг зарлаж байв. Тэгвэл 2005 оноос хойш манай улстай холбоотой ажилласан Францын монгол судлаач Тифэн Канн романыг францаар орчуулан Монголын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Францад хэвлүүлсэн байна. Өдгөө тэрбээр Б.Ринчений “Үүрийн туяа” романыг франц хэлээр хөрвүүлэх ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Т.Канн одоогоор Унгарын Шэгэдийн их сургуульд “XX зууны үеийн Монголын уран зохиол” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг горилж буй бөгөөд мөн "Улаанбаатар" их сургуульд утга зохиолын чиглэлээр харьцуулсан судалгааны ажил хийж байгаа юм. Түүний судалгааг дэмжиж Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөл 2023-2024 оны хичээлийн жилд сургалтын тэтгэлэг олгож байжээ. "Тунгалаг Тамир" роман нь орос, чех, румын, болгар, вьетнам, солонгос, япон, хятад зэрэг гадаадын найман хэлээр орчуулагдсан билээ. Романыг Францын номын дэлгүүрүүд болон энэ сайтаар борлуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.