images

Бутаны марканд монгол цэрэг мөнхрөх болсны учир

Б.Бат-Амгалан

Чихэнд чимэгтэй

2024-07-09


   Бутан улсад 1994 онд гарсан энэ маркийг тус улсын түүхэн дэх нэгэн онцгой чухал үйл явдалд зориулжээ. Тайлбарт бичсэнээр бол, Ойрадын Гүүш хаан болон Төвдийн Далай лам Лувсанжамцын холбоот цэрэг 1644 онд Бутан улсад довтолсон байна. Довтолгоо амжилтгүй болж Бутаны цэрэг Төвдийн нэр бүхий гурван жанжин, нийт цэргийн зэр зэвсэг, агт морийг олзлон авчээ. Улмаар их ялалтыг бэлгэдэж тухайн үед байгуулсан цайзыг голлон дүрсэлснээс гадна дайтагч талууд, тэр дундаа монгол цэргийн төрх байдлыг уг марканд тодорхойёо үзүүлжээ. Маркийг энэ үйл явдлын 350 жилд зориулан гаргасан гэнэ.  

   1644 он гэдэг бол Ойрадын Гүүш хаан Хөхнуур, Төвдийг эзэлж гэлүгва буюу шар малгайтны шашинд харшлах дайсныг бүрмөсөн дараад Далай ламыг ширээнд залахын зэрэгцээ энэ бүс нутаг дахь монголчуудын ноёрхлыг өөрөөрөө тэргүүлэн эхлүүлсэн үе юм. Ойрад, Зүүнгарын түүхийг судалсан орчин үеийн манай эрдэмтдийн бүтээлд Гүүш хаан Бутаныг дайлсан хэрэг явдлын талаар тэмдэглэсэн зүйл туйлын хомс. Харин төвд судлаач Г.Ням-Очирын эрхлэн гаргадаг Богдын архивцувралын 10 дугаарт 2023 онд хэвлэгдсэн Хятадын эрдэмтэн Яа Ханжаны “Банчин Богдын намтар”-т өгүүлснийг сийрүүлбэл дараах байдалтай:

   “Гүүш хан болон V Далай лам, IV Банчин эрдэнэ гаржүдвагийн бүлгийн гармавагийн засгийг түлхэн унагаасныхаа дараа Бутанаас бусад бүх Төвд орон цөм гэлүгвийн бүлгийн байгуулсан төвдийн орон нутгийн засгийн (төвдөөр дэва шүн) засгийн доор нэгдэв. Бутанчуудыг төвдөөр брүгба гэдэг. Чин улсын тулгар бичигт "брүгба" гэж тэмдэглэжээ. Бутан нь төвдтэй үг хэл, үсэг бичиг, зан дадал зэрэг талаар ойролцоо байдаг. Шашин суртахууны талаар гаржүдва буюу цагааны шашныг шүтдэг. Энэ нь даруй пагдүгийн гаржүдвагийн бүлгийн нэгэн жижиг салбар (8 жижиг салбарынх нь нэг) болох бөгөөд брүгва гаржүд гэдэг. Энэ бүлэг нь өөрсдийн номын хаантай бөгөөд пагдүгийн дэсридийн захиргаанд байв. Занба хаан пагдүгийн засгийг түлхэн унагаасны дараа тус газар мөн л брүгва гаржүдвагийн номын хааны захиралд байв. Гүүш хан Занба хааныг устгасны дараа эхний нэг хугацаандаа Төвдийн энэ газрын гаржүдвагийн бүлгийн үлдэгдэл хүчний эсэргүүцлийг дарангуйлахад яарч Бутаныг бодолхийлэх завгүй байв.

   Яа Ханжаны цааш өгүүлснээр, Гүүш хааны нас барсны дараа жил буюу 1656 онд V Далай лам Лувсанжамц Бутаны асуудлыг анхаарч, хаанд нь захидал илгээн гэлүгвагийн ёсонд орохыг ятгаад амжилт олоогүй тул тус улсад цэрэглэсэн бөгөөд үүнд Гүүш хааны ахмад хөвгүүн Даян хаан Хөхнуураас цөөн тооны цэрэг илгээж тусалсан байна. Хоёр тал бүтэн нэг жил байлдаад хэн хэнээ дийлээгүй тул Далай ламын хүсэлтээр Банчин богд Бутаны хаанд захидал, бэлэг илгээснээр хоёр тал хэлэлцээр хийж тус тус цэргээ татжээ.

   Тэгвэл Барууны эрдэмтдийн зарим бүтээлд илүү сонирхолтой баримтууд байх бөгөөд тухайлбал Францын “Төвд судлалын сэтгүүл” (Revue d’Etudes Tibétaines)-д Италийн судлаач, Төвдийн ялангуяа цэргийн түүхийг дагнан судалсан Федерика Вэнтурийн 2020 онд нийтлүүлсэн өгүүлэлд бичсэнээр, мөнөөхөн 1644 онд гаржүдва ёсныхон Төвдийн өмнөд нутагт дарагдаж өгөхгүй байсанд монгол, төвд нийлсэн 700 цэрэг Бутанд цөмөрчээ. Гэвч бутан цэрэг тэднийг ихэд дийлж гурван төвд жанжныг олзлон, монгол цэргийг дутаалгасан гэнэ. 1994 оны Бутаны марканд (нэр бүхий гэж дээр дурдсан) гурван төвд жанжныг олзлон авсныг зориуд цохлоод нэр усыг нь тодорхой дурдсан нь энэ үйл явдлын үнэн бодитойг нотолсон хэрэг гэлтэй. Сонирхолтой нь, судлаач Ф.Вэнтурийн энэ өгүүлэл “17 дугаар зууны хоёрдугаар хагаст Монгол-Төвдийн цэрэг Хималайн нуруунд дайтсан нь” хэмээх нэртэй бөгөөд эш баримтын хувьд 1667-1681 онд бичигдсэн Тавдугаар Далай ламын өөрийн намтрыг ихээхэн түшиглэжээ. Далай лам монгол цэргийн талаар хэрхэн өгүүлсэн, монгол ба төвд цэргийн тухайн үеийн харилцаа, зохион байгуулалт, тал бүрийн чадварын харьцуулалт, монгол цэрэг Бутанд Гүүш хааны үед дахин нэг удаа буюу 1648-1649 онд, мөн дараа нь 1656-1657 онд довтолсон, бүр хожим 1679-1684 онд Ладакт байлдсан, тухай бүрд монгол цэргийн жанжин хэн хэн байсан, Гүүш хааны тавдугаар хүү Илдэчийн нэгэн хүүгийн (Khandro Lobzang Tenkyong) үйл хэрэг, хувь заяа зэрэг маш олон сонирхолтой баримт энэ өгүүлэлд гарч буйг дурдалтай.

   Хаан нь өнөөдөр манай оронд морилон ирээд буй эртний соёлт улсын маркандаа мөнхөлсөн эрхэм түүхэн үйл хэрэг, тэрхүү үйл явдлын шууд шалтгаан, гол оролцогч нь монголчууд байсныг баримт түшин үзэхүйеэ өвгөдийн бүтээсэн түүхийн далай баяныг улам улам бахдахын сацуу, судлан тодруулах зүйл ар араасаа ундран гарсаар буйг анхаарууштай.           

 

  

 

 

 

 

       

 

    

 

  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.