Туркменистанаар сонин юу байна?
Чихэнд чимэгтэй
2024-10-14
Монгол л хүн болсон хойно, очсон газар буюу Ашхабад хотын зах дэлгүүрээр өглөөгүүр өлбөлзөж явтал нэг ийм хаяг таарсан юм. Талхны дэлгүүр аж. Туркмен хэлэнд монгол үг бишгүй боловч иймийг анх удаа үзэв. Сонирхож зургийг нь авснаа үдээс хойш нь болсон Монгол-Туркменистаны бизнес форумын ширээнээ зэрэгцэж суусан энэ залууд үзүүлж лавлавал энэ гэмээнэ талх гэдэг үг мөнөөсөө мөн, гэхдээ бас учиртай аж. Туркмен хэлэнд талхыг нан гэдэг, гэхдээ яруу найруулгад өөрөөр буюу манайтай адил ингэж хэлдэг байна. Ровшен Расулов гэдэг энэ залуу, монгол хүний сонирхлыг мөн л татахуйц "Хасар" хэмээх нэртэй Туркменистаны чихрийн хамгийн том үйлдвэрийн бизнес хөгжүүлэлтийн менежер юм. Өчигдөр үйлдвэртэй нь танилцаар очиход найрсаг сайхнаар хүлээн авч хамаг юмаа үзүүлэхээр барахгүй чихэр, пэчээн өчнөөнөөр гийчин бидний өвөр түрийг дүүргэж өгөөд үлдсэн билээ.
Форумын индрээс монгол, туркмен хүмүүс бизнес ярьж байхад бид хоёр наана нь тэс хөндлөнгийн юм сэм хүүрнэлцсэнээс хэлбэл, энэ Ровшен Туркмений теке овгийн хүн аж. Теке бол энэ үндэстний голлох овог бөгөөд дотроо олон салаа мөчиртэйн нэг иг хэмээх ясны хүн ажээ. Туркмений одоогийн ерөнхийлөгч С.Бердымухамедов бол теке овгийн хүн бөгөөд өмнөх ерөнхийлөгч эцэг нь мөн тийм нь мэдээж. Тэгвэл түүний урьдах буюу анхны ерөнхийлөгч С.Ниязов бас адил. Ерөөсөө энэ улсын жолоог сүүлийн 40 гаруй жил дан ганц энэ овгийнхон барьж байгаа гэдэг. Манууст үүнээс хавьгүй сонин байх нь лавтай нэг зүйл бол энэ теке гэдэг бол янгир ямааг хэлдэг үг. Тэгвэл манай монгол хэлэнд зэрлэг ямаан сүргийн манлайг юу гэдэг билээ?
Туркменистанд Монголын үеийн дорвитой дурсгал нэг бус бий. Тухайлбал, энэ нийслэл хотоос чанх хойшоо 400 километрт, Узбекистантай хиллэдгийн наахантай, нэгэн цагт Сартуул улсын нийслэл болж явсан Кёнеургенч хэмээх одоо бага хотноо XIY зуунд монголчуудын байгуулсан тэмээнээс тэмдэгтэй хоёр ч дурсгал бүрэн бүтэн дүнхийж буй. Алтан орд улсын ид мандлын үед Монголын хонгирад аймгийн Нагундай ноён албат ардтайгаа ирж эндэх газар орныг дарангуйлж суусны үр удам баахан түрэгжээд бүр барлас Төмөрийн үе өнгөртөл иртэй явсан баримт Туркмений түүхэнд цагаан дээр хараар байна. Сонсож дуулсан энэ мэт ганц нэг зүйлээ Ровшенд шивнэвэл тэр бээр жигтэйхэн сонирхохоор барахгүй, албан хурлын юм бич гэж тарааж өгсөн дэвтэрт аюумшиггүйгээр сийрүүлж тэмдэглэж аваад, түүх мэддэг, хүүрнэдэг хуучны өвгөдтэй ойр дотно явдгаас асууж лавлан аваад эргэж заавал мэдэгдэнэ хэмээн Viber хаяг авч хоцров. Тэр өвгөд юу хэлдэг юм бол, сонин юм.
Ашхабад хотноо өчигдөр таарсан танил хүн бизнес форум энэ тэр гэсэн бичиг хүзүүнээсээ дүүжилчихсэн явахыг маань үзээд нүд нь орой дээрээ гарчухуй. Тэр нь ч аргагүй. Яагаад тэгж дүүжилснийг энд ярих гэж хар төвөг юм даа. Маний бизнес гэж ямар балдууш нь байх вэ, үндсэн ажлаа л хийж явна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.