images

О.Баярмаа: Номд хадгалах хугацаа гэж байхгүй

Б.Бадамзул

Бид ингэж эхэлсэн

2025-05-11


Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Алтан гандирс” номын дэлгүүрийн эзэн О.Баярмаатай ярилцлаа. Тэрбээр Гурвантэс сумын уугуул бөгөөд сумынхаа ЗДТГ-т нийгмийн даатгалын мэргэжилтнээр  найман жил, “Хаан” банкинд харилцагчийн зөвлөхөөр гурван жил, “Өсөх зоос” нүүрсний уурхайн сум хариуцсан суурин төлөөлөгчөөр хоёр жил ажилласны дараа 2016 онд нутагтаа анхны бөгөөд одоогоор цорын ганц номын дэлгүүрийг нээжээ.

Номд дуртай учраас ном худалдаж эхлэв

   Би ном унших дуртай, утга зохиолд элэгтэй, шүлгийн ганц нэг мөр холбочихдог хүн. Тийм болохоор өөрийнхөө сонирхолд хөтлөгдөж, өөрөөр хэлбэл энэ л ажлыг хийвэл сайхан байх юм шиг санагдаад номын бизнес эхлүүлсэн. Хүмүүс анх их гайхаж, миний хоёр ч найз “Чи нэг бол баян байх, үгүй бол тэнэг байх” гэж тоглоом шоглоомоор хэлж байлаа. “Суманд номын дэлгүүр шиг хэрэггүй юм байхгүй” ч гэж байв. Би “Хүн дуртай юмаа хийхгүй өөр юу хийх вэ” гээд л зоригтойгоор эхэлсэн. Манай сум газар нутгийнхаа хэмжээгээр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэртэй тэнцдэг. Аймгийнхаа хамгийн баруун талд оршдог, Шивээхүрэн боомтоор Өвөр Монголтой хиллэдэг. Одоогоор суурин хүн ам нь 5000 гаруй. Манай энд уул уурхай олон учраас гадна дотнын явуулын хүн их. Явуулын болон суурин хүн амтайгаа нийлээд 10 мянга гарсан. Хилээс 70-аад километрт байдаг.

   Анх номын дэлгүүр нээж байсан үетэйгээ харьцуулахад одоо юм их өөр, их гоё болжээ. Манай сумынхан их оюунлаг хүмүүс юм гэж би дүгнэдэг. Номын дэлгүүр нээсэн нь үүнд бага боловч нөлөөлөө болов уу гэж хааяа боддог юм. Баяр ёслолын үеэр гэхэд л дэлгүүр маань ачаалал ихтэй байдаг болоод байна. Бэлэг дурсгалтай хослуулж номыг их бэлгэнд өгдөг болсон. Хүмүүс номыг уншихаас гадна сонсдог болж. Номыг барьж уншиж байж сэтгэл нь ханадаг хүмүүс байдаг. Тийм болохоор дэлгүүрээ сэтгэл дүүрэн ажиллуулдаг даа. Гэр бүлийн хүн маань бас ном их уншдаг. Уран зохиолын номыг надаас ч илүү  уншина. Тийм болохоор ном борлуулна гэхэд намайг дэмжсэн. Анх манайх жижигхэн хөөрхөн сэндвичэн дэлгүүртэй байсан. Тэгээд нэг цагаан сеткэн тавиуртай, тэрэн дээрээ хоёр гурван эгнээ ном тавьчихаад эхэлж байлаа.

Ном сонгоход учир бий

   Анх би ном л бол ном гээд ямар ч хамаагүй ном авчихдаг, хүнд яг ямар ном хүргэх вэ гэдгээ мэддэггүй байж. Одоо бодоход янз бүрийн орчуулгын ном авдаг байжээ. Төрөл бүрийн л ном хэрэгтэй гэсэн бодлоор сонгодог байлаа. Зуун айлын хойно байдаг Хэвлэлийн биржийн Соёлоо эгчээс ном их авдаг байв. Тэднийд ном төрөл бүрээрээ, зохиолчдоороо, орчуулгаараа, хувь хүний хөгжил, уран зохиол гээд бүх сэдвээрээ байна. Анх ном авсан баримтуудаа харахад 100, 200 мянгаар л авдаг байж. Заримдаа Соёлоо эгчээсээ зээлээр авна. Олон дахин өгч авдаг болохоор итгэлцлийн үндсэн дээр зээлээр аваад, номоо зарчихаад өгдөг байлаа. Сүүл рүүгээ ахисаар ахисаар одоо бол гайгүй авдаг болсон.

   Эхний нэг хоёр жил ямар төрлийн ном сонгохоо мэдэхгүй, янз бүрийн ном авчхаар зарим нь түгжигдээд уддаг байлаа. Ямарваа ажилд хүн гаршиж дадлагаждаг болохоор одоо бол ямар ном сонгож авахаа ерөнхийдөө мэддэг болсон. Эхэндээ зохиолчидтой холбогдохоо ер мэддэггүй байлаа.Одоо бол эрхбиш мэддэг болоод зохиолчидтой холбогддог болсон. Тэгэхээр номоо арай хямд үнээр авдаг болчихож байгаа юм. Зохиолчид ном борлуулдаг хүнд их сайн баярлаж байдаг юм шиг санагддаг. Өөрийн уншсан номоо маш сайн худалддаг. Энэ номд ийм үйл явдал гардаг, энийг уншсанаар та тийм юмыг мэдэх боломжтой гээд тайлбарлахаар борлуулалт илүү  сайн.

   Хүмүүсийн сонирхол үе үеэрээ өөрчлөгдөөд байх шиг санагддаг юм. Нэг хэсэг хувь хүний хөгжлийн ном их сонирхдог байлаа. Одоо тийм ном нэг их авахгүй. Бизнестэй холбоотой ном ч сайн борлогддог байсан, одоо бол багассан. Ер нь манай сумынхан уран зохиолын ном түлхүү сонирхож байна. Яг одоо П.Буяндэлгэрийн “Нар хүнээс манддаг-1, 2” Оюундэлгэрийн "Хөзрийн хатан-1, 2, 3, 4", "Хайрлагдсан эмэгтэйн зурвас-1, 2" гэдэг номууд их борлогдож байгаа. Шинээр гарч байгаа номыг л аль болох хурдан л авч борлуулахыг боддог. Хүмүүс бол шинэ номын сураг л гарвал ханарна. Ямар номоос хэр олныг авах тал дээр одоо баримжаатай болжээ. Ялангуяа өөрөө уншчихвал баараггүй мэднэ. Тодко Самсоны номуудыг би өөрөө уншсан болоод ч тэр үү, сайн борлуулсан. Сүүлийн хоёр дэвтрийг нь харин уншаагүй байна. Сүүлд “Үр хөврөл” гэдэг ном арвыг авснаас хоёр л үлджээ.

"Алтан гандирс" номын дэлгүүр.

Хамгийн сайн борлуулсан ном

   Миний хамгийн сайн борлуулсан ном бол Э.Болор-Эрдэнийн “Гүйж яваа эмэгтэй”. Анх гарахад нь ёстой нэг бужигнуулж байлаа. Гэхдээ зохиолчоос нь аваагүй, Хэвлэлийн биржээс авч худалдсан юм. Түүнээс хойш миний хамгийн сайн борлуулсан ном бол Б.Наминчимэд зохиолчийн “Цагаан бороо”. Уншихад хүнд мэт боловч хүн бүр уншаасай гэж бодсон ном. Харин одоо хамгийн их борлогдож байгаа ном бол “Аяга кофены бясалгалаар тэрбумтан болсон хүмүүс”. Маш гоё ном. Хэдийг борлуулснаа өнөө өглөө бодож үзлээ. 145 ширхэгийг авсан маань одоо дуусах дөхөж байгаа юм байна. Нэг удаа уншаад орхичих биш, байнга ширээн дээр байж баймаар гоё ном доо. Хүүхдүүд тэмдэглэл хөтлөөд уншиж болохоор ном. Орчуулагчаас нь өөрөөс нь авсан юм, Өмнөд Солонгост байдаг Хулнайн Отгон гэдэг хүн. Дөрөв, тав дахиж хэвлэгдсэн байх шүү. Хэвлэлтээс гараад л дуусаад байсан. Одоо дахиж хэвлэхгүй гэхээр нь тавийг захиалчхаад сууж байна. Тэгэхээр энэ номыг би 195-ыг авч борлууллаа гэсэн үг.

   Уран зохиолоос Х.Дуламсүрэн, Луужир Жиймийгийн номууд сайн борлогддог. Мөн зохиолч О.Өнөрцэцэгийн “Шидтэнүүдийн сургууль” таван цувралыг сайн борлуулж байна. Нэгдүгээр дэвтрийг нь уншчихсан хүүхэд “Үргэлжлэл байгаа гэсэн” гээд хөтлөгдөж уншдаг юм. Дараагийн цувралд нь юу гарах бол гэж сонирхолыг нь татах номыг би борлуулах ч дуртай, унших ч дуртай. Түүхэн ном гэвэл түрүү үеийн зохиолууд байна. “Монголын нууц товчоо” "Хөх судар" гэх мэт гоё хайрцаг шоголтой номуудыг бэлгэнд их өгдөг болохоор дэлгүүртээ аль болох тасалдуулахгүй худалдаалж байхыг боддог юм. Уншихгүй байсан ч, монгол айл өрх бүрийн хойморт байж байвал өв соёлоо дээдлэн өвлөж буйн нэг бахархал шүү дээ. Шоголтой “Монголын нууц товчоо” бол байнгын гүйлгээтэй байдаг. “Хөх судар” романыг гоё хайрцагтай зардаг байсан чинь сүүлийн үед хайрцгийг нь үйлдвэрлэхээ больсон бололтой, задгайгаараа л байгаад байна. Би нэг их ашиг харж ном зарах сонирхолгүй. Хүний тархи руу жаахан ч гэсэн юм орж байвал л болох нь тэр. Том хүний номын уг үнэ дээр 2000 төгрөг нэмээд, хүүхдийн номыг хотынх нь дэлгүүрийн үнээр худалдчихдаг юм.

Номын баяраар талбай тойрох сайхан

   Хамгийн анх би “Аз Хур” номын дэлгүүрийн гэрээт борлуулагч болж байсан. Номын дэлгүүрээ нээчхээд очиж гэрээ хийгээд жижигхэн хаяг хийлгэж ирээд гаднаа байршуулж байлаа. Авъя гэсэн бүх ном маань нэг дэлгүүрт байна гэж байхгүй л дээ. Тэгээд хоёр, гурван жил гэрээтэй ажиллаж байгаад больсон. Одоо бол зохиолчдоосоо шууд захиалаад авчихна. Мөн номын баяраар авах нь мэдээж. Номын баяраар Улаанбаатарт очоод талбайгаар сайхан явна шүү дээ. Хэдэн төгрөгөө цуглуулж байгаад хоёр гурван өдөр дураараа тойрч ном цуглуулна. Сайн ч цуглуулна. Номын баяраар талбай дээр хуучин ном их үнэтэй байдаг болсон байна лээ. Доод тал нь дал наян мянга. Түүнээс дээш зуун мянга гараад явчихсан байна. Ноднингийн баяраар сонины дугаарын багц сая хоёр зуун мянган төгрөгийн үнэ хүрсэн. Тэгэхээр хүмүүс номын үнэ цэнийг их л мэдэрч эхэлж байна даа гэж би дотроо их баярласан.

Уншигч

   Манай дэлгүүрээр аав, ээжээсээ илүүтэй эмээ, өвөөгөө дагаж орж ирдэг хүүхдүүд олон байдаг. Өвөө, эмээ нар хүүхдээ утаснаас холдуулъя, үлгэр уншуулъя, сэтгэхүйг нь хөгжүүлье гэнэ. 70, 80 нас хүрсэн хүмүүс “Том үсэгтэй ном, гоё зохиол байна уу?” гэсээр орж ирдэг. Хөдөөнөөс зорьж ирдэг хөгшчүүл ч байна. Уншихаар даралт нь ихэддэг ч номоо үгүйлээд, сураад ороод ирнэ. Ах дүүсээрээ, удмаараа ном уншдаг айл ч байна. Эхнэр, нөхөр хоёулаа ном уншдаг айл ч олон. Багачууд бол тэртэй тэргүй ном их уншдаг болж байна. Хөдөөгүүр ном их уншдаг хүн олон бий. Гоёот багийн малчин Ч.Өнөрдэлгэр гэдэг эгч сайн уншина. Уншаагүй ном ховор байх тэр хүнд. Нэг орж ирэхээрээ нэлээн олон тоогоор нь аваад гарна даа. Тэр эгч энд тэнд номын тэмдэглэлийн уралдаанд орж ихэвчлэн түрүүлээд, шагнал авдаг ёстой нэг мундаг хүн бий. Наана нь сумын төвд байдаг манай дээд ангийн Ч.Цэрэннадмид гэж эмэгтэй бий. Ном нь авдартаа багтахаа байсан гэж ярьж байсан. Ном авахдаа бараг л арваад арваадаар нь нэг удаадаа авна. Хүний ном гуйж уншихгүй, өөрөө худалдаж авч уншдаг юм. Номыг ёстой л талх шиг зөөнө. Их уншдаг болоод сэтгэхүй нь шал ондоо шүү дээ, гүйлгээ ухаантай, ухаан сийрэг, мундаг.

   Манайх жолооч нар байдаг төвлөрсөн бүсээс 60 орчим км зайд байдаг. Жолооч нар манай суманд ирж хүнсээ базаадаг юм. Хагас, бүтэн сайн өдөр бол хөл хөдөлгөөн их. Тэгж явахдаа манай хаягийг хараад “Суманд номын дэлгүүр байна шүү дээ” гээд гайхаад орж ирдэг. Орж ирээд “Байхгүй ном байхгүй байна” гэж гайхдаг юм. Жолооч нар ном захина, захисан номыг нь унаанд тавьж явуулна.

"Алтан гандирс" дэлгүүр.

Гурвантэсийнхний баярын бэлэг ном

   Хонхны баяр, Мартын 8, Хүүхдийн баяр, Есдүгээр сарын нэгнээр ном их борлогддог. Одоо манай сумын сургуулийн хонхны баяр болох гээд би бэлэг боох ажилдаа орчихоод байж байна. Номоос гадна манайх бэлэг дурсгал, гоо сайхны бүтээгдэхүүн, амьд цэцэг зардаг юм. Хүмүүс Цагаан сараар нэгэндээ ном их бэлэглэдэг болсон. Тэр тусмаа хүүхдүүдэд. Энд тэндээс ирж байгаа, ийш тийш шилжээд явж байгаа хүмүүст гоё савлагаа, баглаатай ном их бэлэглэнэ. Хүмүүс боть зохиолд дуртай болохоор боогоод зарахад ч хүнд их гоё бэлэг болдог, үлдэцтэй. Бэлгийн багцад ном оруулахаар хүмүүс их дуртай байна. Бэлэг авахад нь “Ямар хүнд өгөх вэ, миний таних хүн үү?” гэж асууна. Тэгээд таниж мэддэг хүн байвал тэр тийм ном уншдаг гээд санал болгоно, зөвлөлднө. Санал болгосон ном маань эзэндээ ихэвчлэн таалагдсан байдаг. Хүмүүсээ мэднэ гэдэг тийм чухал. Миний мэдэхээр, нэг нэгэндээ ном байнга бэлэглэдэг найзууд байна. Манай сумын 28-р цэцэрлэг, "Капитрон" банкныхан гэх мэт газрууд нэгнийхээ төрсөн өдөр, тэмдэглэлт баяруудаар номтой бэлэг сонгодог. Үүнээс гадна ямар нэг арга хэмжээг би номоороо ивээн тэтгэх дуртай. Саяхан Онцгойгийн албан хаагчдын тэмцээн болоход гурван боть ном бэлэглэсэн. Өвөл өөрийн нэрэмжит яруу найргийн наадмаараа таван зуун мянган төгрөгийн номыг азтан тодруулж өгсөн гэх жишээ бий. Ном бол нэг ёсондоо хөрөнгө шүү дээ. Мөнгө үгүй болоход ном байж л байна. Зүдрэхийн цагт номоо борлуулаад мөнгө болгоод хэрэглэчихнэ гэж боддог.

Өвөр Монголд наймаа хийсэн нь

   Өвөр монголчууд манайхаар бас их ирдэг. Миний зардаг “Faberlic”-ийн гоо сайхны барааг авдаг юм. Цар тахлаас өмнө би Өвөр Монгол талдаа наймаа хийж их явж суудаг байлаа. Хүү маань тэнд сургуульд суудаг байсан болохоор нөхөр бид хоёр бараг долоо найман жил ирэн очин нааш цааш явсан. Хүүхдээ сургуульд сургаад, хажуугаар нь наймаагаа хийдэг байв. Манай сум Алшаа аймгийн Эзнээ хошуутай хиллэдэг. Эзнээ чинь энүүхэнд байгаа газар. Хаврын урт өдөр өглөө гарч Эзнээ орчихоод орой нь буцаад ороод ирдэг байсан. Тийм ойрхон. Би Алшаагийн Баруун, Зүүн, Эзнээ гурван хошуугаар сайн явсан даа. Хөгжил сайтай, одоо бол бүр л гоё болсон. Эзнээ хошуунд жил бүр Тооройн баяр гэж гоё баяр болдог. Би жил бүр явдаг, өнгөрсөн жил л чадсангүй. Тэр баяр дээр наймаагаа хийнэ. Нэг баяраар дөрөв, таван ширхэг хос бичигтэй ном худалдчихсан, авчихаж байна лээ. Өвөр Монголд кириллээр уншдаг хүмүүс ч бас байдаг. Тооройн баяр дээр наймаа хийх улсуудыг есөн сарын хорьдоор хилээр оруулдаг байсан. Сар гаруй үргэлжилнэ шүү дээ, энэ насандаа нэг үзчихмээр л баяр. Тооройн тэр их төгөл үнэхээр гоё, байгаль нь ёстой уран зураг. Арван нэгэн сар гараад улирал нь л юм хойно цаг агаар нь сэрүүснэ. Хэдийгээр сэрүүссэн ч гэсэн гүнээс ирдэг жуулчид нь ирсээр л байдаг юм билээ.

Унаад боссон минь

   Би нийгмийн даатгалын байцаагч байхаасаа л гоо сайхны бүтээгдэхүүн зарсан. Сүлжээний юм баталгаатай нь сайхан даа, өгч авалцахад амар. Цэцэг бол мөн л миний сонирхол. Нэг хэсэг би ямааны сүү аваад тараг бүрж зардаг байлаа. Тэгэхэд манай нэг найз “Мөнгө олдохгүй байна, олдохгүй байна гээд тараг бүрж, шороо зуурч суугаад байшин барьчихлаа” гэж намайг хэлж байж билээ. Шороо зуурах гэдэг нь миний цэцэг тарихыг хэлж байгаа нь. Сэндвичэн дэлгүүртэй байхдаа дэлгүүрийн маань нэг талын жижигхэн өрөө цэцгээр дүүрэн байдаг байлаа.

   Бизнесийн зам маань дардан байгаагүй ээ. Нэг унаад боссон. Дахиад тэгээс эхэлсэн. Эмчийн алдаанаас болоод охин минь бүтэн жил эмнэлгээр явсан юм. Бүтэн жил хотод эмнэлгээр яваад ирэхэд бүх бараа хөлдөж хугацаа дуусах нь дуусаад, хамаг цэцгүүд хөлдөж хатаад, хамаг юм л тэг болсон. Тэр үед сэндвичэн дэлгүүрт нийтийн халаалт байгаагүй. Өрөө дүүрэн хөлдөөд үхчихсэн цэцгийг цэвэрлэж ч чадахгүй хэд хоног болж байж билээ. Үнэхээр хэцүү. Цэцэг бол яг л хүүхэд шиг. Тэрэнд харамсаад, дахиад цэцэг тарихгүй байя гэж бодож ч байв. Ингээд бүгдийг дахин тэгээс эхэлж байлаа. Өвөр Монгол тал руу наймаа хийж л одоогийн бизнесийнхээ суурийг тавьсан даа. Ямар ч зоригтой байсан юм бэ дээ. Одоо намайг тийшээ яв гэвэл чадахгүй байх аа .Эхэн үедээ 16, 17 хайрцаг гоо сайхны бараа аваад ганцаараа л явчихдаг байлаа шүү дээ. Сүүлрүүгээ нөхөртэйгөө хоёул явдаг болсон. Намайг эхэлж явдаг байхад монголчууд урагшаа явдаггүй байсан. Би чинь нэг хятад дугаартай утсаар хань хийгээд л Эзнээгээс цааш явчихдаг байлаа. Нэг явахдаа бараг л 14 хоног явдаг байсан. Би чинь их азтай, нүүрийн буян сайтай. Хаа очсон газар дандаа сайхан хүмүүс тосч авна. Нэг газраас нь нөгөөд очиход нэгэндээ дамжуулаад л хэлчдэг байсан. "Эндээс Монголын найз маань бараатай очно" гээд л. Тэр үед сум, хил хоёрын хооронд автобус явдаг байсан. Тэр автобусанд жаал бараагаа аваад л явчихдаг байлаа. Тэр үетэй одоогийн өөрийгөө харьцуулахад одоо бол би ёстой ямбатай хатан шиг сууж байгаа хүн дээ. Алшаагийн гурван хошууны сум гацаануудаар их явсан даа. Танил найзууд ч олонтой болсон. Урд зүг бол манайд их л ээлээ өгсөн дөө. Ковидоос хойш урагшаа нээх явсангүй ээ. Эндээ дэлгүүрээ ажиллуулаад л. Хүнс биш бараа болохоор дуртай үедээ цоожилчихоод л юманд яваад өгнө. Нэг явахдаа арван хэд хоногоор явна. “Та дэлгүүрээ зоригтой цоожлох юм” гэж хүмүүс хэлэх нь бий. Тэгэхээр нь би “Номын хугацаа дуусна гэж байхгүй болохоор тэгдэг юм” гэдэг.

Найргийн баяртай Гурвантэс

   Би төрсөн өдрөөрөө найргийн баяр хийдэг. Яруу найргийн ном гаргаж байсан. Одоо хоёр дахь номоо гаргана гээд эхээ бэлтгээд л яваа. Өөрийн санаачилгаар байгуулсан “Соён гэгээрэх их найраг” гэдэг сумын утга зохиолын нэгдлээ би хариуцдаг юм. Суманд байгуулагдсан аймгийн анхны яруу найргийн нэгдэл гэж болох байх. Тэгээд жил бүр тавдугаар сарын 30-нд төрсөн өдрөөрөө “Ижий тэнгэр” гэдэг яруу найргийн наадам, цэнгүүнийг хүүхэд болон томчуудын дунд насны ангиллаар зохион байгуулдаг байв. 2008 онд нийгмийн даатгалын байцаагч байхдаа Засаг даргатайгаа ярьж байгаад эхлүүлж байсан. Тууз, өргөмжлөл дэлгэрээгүй цагт нөхөр маань бүсний шар дурдан дээр хуулгаар тоо нааж тууз хийж өгч байлаа. Цар тахлын үеэр хийж чадахгүй хэсэг завсарлаж байгаад өнгөрсөн оны 11 дүгээр сард, эргэлзэж эргэлзэж хийсэн чинь 30 гаруй хүн оролцсон. Одоогийн хүмүүс дандаа гар утас хараад тэрнээс сэтгэлийн таашаал авахаа байгаад оюуны цангаанд ороод байна уу гэж бодогддог. Хүмүүс тайзан дээр шүлэг уншсаар шөнийн 12 цаг өнгөрөхөд танхимд үзэгч дүүрэн байсан. Аймгаас ирсэн хүмүүс “Сугалаа сүүлээр таарчихлаа, биднийг үзэх хүн байхгүй байх” гэж хоорондоо ярьцгааж байсан чинь үзэгчид нь сүүлийн хүн шүлгээ уншиж дуустал суусанд гайхсан гэсэн. Цэнгүүн гэдэг агуулгатай тул дундуур нь бүжиг явдаг. Өнгөрсөн жил оролцсон яруу найрагч нартаа сэдэв өгчихсөн юм. Уул уурхай эзэгнээд аль гоё газрыг сүйтгээд байгаа болохоор Засаг даргатайгаа ярьж байгаад сэдвээ сонгосон. Хүрэн ханын хэц гээд гоё газар манай суманд бий. Түүхэнд мөнхөрсөн нутаг. Тэрийг уул уурхай сүйтгэх гээд байгаа болохоор нь сэдэв болготол хүмүүс нутгийнхаа уул усны тухай янзтай бичдэг юм байна. Монголчууд тэр чигээрээ яруу найрагч гэж үнэн юм даа гэж дүгнэж суулаа. Наадамд манай сумын Гоёот багийн малчин Ичинхорлоогийн Нямаа эгч түрүүлсэн.

"Ижий тэнгэр" яруу найргийн наадам.

Алс говийн алтан гандирс

   Одоо манай дэлгүүр дангаараа 45 м.кв хэмжээтэй. Гэртэйгээ үргэлж юм. Сумын дэлгүүрүүд төвлөрсөн А бүсдээ байдаг. Дэлгүүрээ “Алтан гандирс” гэж нэрлэсэн маань учиртай. Би алтлаг өнгөнд дуртай. Алтлаг өнгө бол ямарваа юманд шижиртэж гялалзаж явдаг. Гандирс гэдэг нь сүндэрлэж, дээшээ босож байхын бэлгэдэл юм. Бэлэг дурсгал бол хүнийг үргэлж баярлуулдаг. Миний боогоод өгсөн бэлгийг “Баярмаа эгч ээ, ямар гоё бэлэг боогоо вэ” таны боосон бэлэг эзэндээ таалагдсан гэх үгэнд их урамшдаг. Цахим орчинд оруулсан нийтлэлийн доор хүмүүс сайхан сэтгэгдэл бичнэ. Тэгэхээр нь миний хийж байгаа ажил хүмүүст бага ч болов хэрэг болж байна гэж баярлана. Манай аймгийн өөр суманд номын дэлгүүр байхгүй. Ер нь Монголд сумын номын дэлгүүр цөөн байх аа. Алс хөдөөгийн суманд номын дэлгүүр байж болдог юм шүү, бүр амжилттай ажиллах бололцоотой шүү гэдгийг Монголын өнцөг булан бүрт суугаа хүмүүст хэлье. Зоригтой эхлээд хийгээд яваарай. Хүний тархинд оюуны хөрөнгө оруулалт хийхэд зорилго нь ариун учраас үйлс бүтэмжтэй байдаг юм байна. Энэ замаар олон хүн яваасай гэж боддог юм. Ном бол талх шиг зарагддаг эд биш. Тийм боловч манай сумынхан ном сайн авдаг болохоор би сэтгэл хангалуун байдаг аа. Ийм л ажил хийдэг хүн дээ, би.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.