images

Хоол зүйч С.Баянжаргал: Хүмүүсийг эм тариагаар биш амттай хоолоор эмчлэх хамгийн сайхан


Хүн амын хоолны шим тэжээлийг зохицуулах замаар эрүүл мэндийг нь дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ШУТИС-ийн дэргэдэх Шим тэжээл судлалын төвийн захирал С.Баянжаргалтай ярилцлаа. Өдгөө 25  дахь жилдээ ажиллаж буй тус төвийг Монгол, Өмнөд Солонгос хоёр улс хамтран байгуулжээ.

- Зөв хооллолтын талаарх монголчуудын ойлголт нэг үеэ бодвол сайжирч, эрүүл хүнсийг эрхэмлэх болжээ. Үүнийгээ дагаад хоол зүйч гэдэг ажил мэргэжил, салбар үнэ хүндтэй болсон байна. Тэр байтугай энэ салбарын судалгааны төв хүртэл байдгийг мэдээд танайхыг зорьж ирлээ. Төвийн захирал нь энэ мэргэжлээ хаана эзэмшсэнийг юуны түрүүнд сонирхьё?

- Манайхыг зорьж ирсэнд баярлалаа. Шинжлэх ухаан, технологийн их сургууль Монголын анхны хоол зүйчдийг 2000 оноос бэлтгэж эхэлсэн юм. Би тэр анхны хэдэн оюутны нэг, сургуулиа 2004 онд төгссөн. Хоол зүйчид эмнэлгийн, сургуулийн, спортын гэх зэрэг чиглэлээр мэргэшдэг. Миний хувьд эмнэлгийн хоол зүйчээр мэргэшин ажиллаж байгаад 2017 онд Японы “Цүкүба” их сургуульд элссэн. Тэнд хүний эрүүл мэндэд хэрэгтэй шим тэжээлт хоол хүнс, тэр дундаа гэдэсний ашигтай бактери дархлаанд яаж нөлөөлдөг талаар судалж докторын зэргээ хамгаалсан юм. Төгсөж ирээд эх орондоо 20 орчим жил ажилласан байна.

- Судалгааны сэдвээ та өөрөө сонгосон уу? Яагаад гэдэсний ашигтай бактери гэж?

- Анх Япон явахдаа монгол хоолоо судалъя гэж бодсон юм. Манай Монголд судлагдаагүй асар олон ургамал ногоо, идээ цагаа, хүнс байдаг. Судлагдаагүй, мэдэх ёстой зүйл маш их. Тухайлбал ээзгий байна. Ээзгийг манайхан цөс хөөдөг, элгэнд сайн гэж ярьдаг. Ээзгий хүний биед яг юугаараа сайн юм, ямар ид шидтэй болоод хүмүүс өргөн дэлгэр хэрэглээд байна, ямар технологиор хийхээр илүү сайн болдог гэх мэтчилэн сонирхох юм нь барагдахгүй. Монгол айл болгоны ээзгий хийдэг арга өөр. Ингээд бүр яг ээзгийг судалья гэж бодсон юм. Нөгөө талаар сүү цагаан идээний эмчилгээний шинж чанаруудыг ч тодруулах зорилготой байсан. Гэвч Японд очоод ээзгий хийх гэтэл цэвэр сүү олдохгүй сандарлаа. Бүх зүйл нь технологижчихсон улсын худалдаанд пакеттэй сүү л байгаа юм. Аваад хийлээ гэхэд ээдэм болохгүй. Ферм дээр очоод үнээнээс нь таван литр цэвэр сүү гаргаад авья гэсэн ч амаргүй. Фермерүүдтэй холбоо тогтоож гэрээ хийхээс өгсүүлээд маш их ажил болж, хугацаа алдахаар байсан. Монголоос дээжээ авья гэтэл хэзээ, хэн хийсэн нь тодорхойгүй болохоор нарийн судлахад төвөгтэй. Ингээд багштайгаа ярилцтал гэдэсний ашигтай бактерийн чиглэлээр судалгаа хийдэг хүн ойрхон байж таарав. Ер нь ашигтай бактерийг дэмжиж байгаа сүүн хүчлийн бактериуд сүү цагаан идээ, даршилсан ногоонд элбэг байдаг болохоор сэдэв нь сонирхол татсан. Тэгээд даршилсан ногооноос хүний биед хэрэгтэй бактерийг нь ялгаж аваад судалгаа хийсэн. Байгальд байгаа олон төрлийн бактериас зөвхөн дархлааны өвчлөлд сайн нөлөө үзүүлж байгаа омгийг нь олоод, түүгээр нь ногоо даршлах, янз бүрийн бүтээгдэхүүнд ашиглах байдлаар хөгжүүлэх боломжийг судалсан. Бид бактерийн омгоо олохдоо амьтан юм уу эс дээр туршдаг. Тэндээс ямар нөлөө үзүүлж байгааг нь тодорхой харчихдаг.

- Бид нар ашигтай бактериа нөхье гээд зориуд эмийн сангаас бэлдмэл авч уудаг. Гэтэл хоол хүнсээрээ авах бүрэн боломжтой юм байна?

- Цагаан идээ буюу ааруул, аарц, айраг, таргаа тогтмол хэрэглэж, тэнцвэртэй хооллож чадвал бид ашигтай бактериа хангалттай нөхнө. Бэлдмэлээс зөвхөн нэг төрлийн ашигтай бактери авч болох бол хоол хүнс маш олон төрлийн ашигтай бактерийг нэг дор өгдөг. Нэг ялгааг тайлбарлаж өгөхөд, пробиотик гэдэг нь ашигтай бактери, пребиотик нь тэр бактерийн хоол юм шүү. Хоёулаа хүний биед заавал байх ёстой. Ашигтай бактериуд ихэвчлэн жимс, хүнсний ногоонд байдаг эслэгээр хооллодог. Монголчууд жимс, хүнсний ногоо тийм ч их хэрэглэдэг байгаагүй боловч сүү, цагаан идээ, айраг, уламжлалт хоол хүнснээсээ бактериа хангалттай авчихдаг байжээ. Бактерийн тэнцвэрт байдал нь маш сайн хүнс  юм. Одоо харин эсэргээрээ хотжоод жимс, хүнсний ногооны хэрэглээ ихэссэнээр уламжлалт хүнсний хэрэглээ багассан байна.  Гэхдээ мисо шөл, давсалсан байцаа, кифо тараг зэрэг ашигтай бактери өндөртэй хүнс хэрэглээнд нэвтэрсэн нь сайн. Тэгэхээр бид хоол хүнсээ сонгохдоо аль болох зөв тооцоолох хэрэгтэй. Бактериудын гол үйлчилгээ нь ходоодонд орсон хоолыг задлаад хүний биед хэрэгтэй бодисыг ялгаруулах явдал. Жимс, хүнсний ногооны хальсанд агуулагддаг эслэг хоол боловсруулах замаар задардаггүй хэрнээ бактериудын гол хоол нь болж байдаг юм.

- Төвийнхөө үйл ажиллагааг бидэнд танилцуулаач?

- Шим тэжээл судлалын төв байгуулагдаад 25 жил болж байна. Манай ажлын үндсэн чиглэл бол хоол, шим тэжээлийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх. Аль сургууль төгссөнөөс үл хамааран эмнэлгийн хоол зүйчийг зургаан сар, сургуулийн хоол зүйчийг дөрвөн сарын сургалтад хамруулдаг. Спортын хоол зүйчдэд гэхэд анагаахын мэдлэг олж авсных нь дараа спортын төрөл болгон дээр биеэ дааж ажиллахад нь тусалдаг.  Манай зөвлөгөөний өрөөнд оюутнууд ирж хичээлээ хийдэг. Харин хүнд үйлчлэх тухайд, эхлээд шим тэжээлийн үнэлгээ хийдэг юм. Тухайн хүний булчин, яс, өөхний хэмжээг үзээд хэрэв биохимийн шинжилгээ хийлгэсэн байвал бичигтэй нь танилцана. Хооллолт, өвчний түүхүүдийг нь үзнэ. Хооллолтын түүхэнд багаасаа юу идэж өссөн, одоо юу голчлон хэрэглэдэг, эрүүл мэндийн ямар асуудалтай, ямар зорилготой хооллодог гэх мэт олон төрлийн асуумж авдаг.  Нээлттэй зөвлөгөө өгөх үйл ажиллагаа хараахан эхлүүлээгүй байна. Харин зориод ирсэн мэддэг хүмүүс, тэр тусмаа ШУТИС-ийн багш ажилчид, оюутнууд зөвлөгөө авья гэх юм бол өдөрлөг хийнэ, бас ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөөд явдаг.

- Иддэг хоолоороо эрүүл мэндээ оношлуулна гэсэн үг үү?

- Бие махбодын асуудал дээр тулгуурлаад юу идэж, уух төлөвлөгөөг гаргуулдаг болохоор уялдаа холбоотой гэж хэлнэ. Өнгөрсөн хугацаанд зөв хооллож ирсэн байна уу, ямар асуудал тулгарав гэдгийг шинжилгээнээс нь хараад тайлбарладаг. Тухайн хүний бие махбод, эрүүл мэнд, ажил мэргэжлийг нь харгалзан ямар хоол хүнсийг хэр хэмжээтэй хэрэглэх вэ гэдгийг хоногийн илчлэг, шим тэжээлийн бодистой нь зааж өгнө.

- Уул нь танайх олон нийтэд нээлттэй ажиллавал хэрэгтэй юм?

- Бидний гол зорилго бол бүх эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг мэргэшсэн хоол зүйчтэй болгох. Мэргэжилтнүүдийг нь бэлдээд өгөхөөр тэр хүмүүс тухай бүрдээ олон хүнд хүрч ажиллаж чадаж байгаа юм. Манайх статусынхаа хувьд бол загвар төв. Тийм болохоор анхнаасаа олон нийт рүү чиглэж ажиллаагүй. Гэхдээ цаг аваад үзүүлэх боломжтой. Хүний булчин, яс, өөх, усны хэмжээг тодорхойлдог, цусан дахь сахар, холестерин, цус багадалт хэмждэг төхөөрөмжүүд бий. Шинжилгээ авсны дараа хооллолтын загвар төлөвлөгөө гаргаж өгдөг. Хоолны төлөвлөгөөг нэг удаагийнхаар биш 3-4 уулзалтын дараагаар хийж өгнө. Илүү олон хүнд хүрч ажиллая гэж зориод “Шим тэжээл судлалын төв” Фэйсбүүк пэйждээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд явж байна.

- Монголд хоол зүйч хүрэлцээтэй юу?

- ШУТИС сүүлийн 20 жилд 350 орчим хоол зүйчийг бэлтгэж гаргасан. АШУҮИС 2019 оноос эхлээд хоол зүйчийн ангитай болсон. Анхны төгсөгчид нь ажлын байран дээр гарсан байна. Мөн “Хүрээ” дээд сургууль 2015 оноос хоол зүйч бэлтгэсэн, төгсөгчид нь салбартаа ажиллаж байна. Улсын хэмжээнд энэ мэргэжлээр их сургууль төгссөн хүн 500 арай хүрэхгүй болов уу. Яг мэргэжлээрээ ажиллаж байгаа төгсөгчдийн тоог гаргавал арай цөөн байгаа байх. Хүн өөрөө мэргэжлээ ойлгоогүй, нийгэм хүлээж аваагүйгээс болоод өөр чиглэлээр ажиллаад явж байгаа ч хүмүүс бий. 2019 онд сургуулийн хүүхдийн хоол, шим тэжээлийн тухай хууль батлагдсанаар олон улсын байгууллага, яам тамгын газрууд энэ мэргэжилд анхаардаг болсон. Бүх сургууль хоол зүйчтэй байх ёстой гээд заачихсан болохоор хоол зүйч нар хөдөлмөрийн зах зээл дээр байр суурьтай болжээ. Эмнэлгүүд ч ажилд ихээр авч байна. Бид нарыг анх төгсөхөд ажилд авдаг газар байхгүй байлаа. Нэг үеэ бодвол бүх салбар хоол зүйч хэрэгтэй гэдгийг ойлгодог болсон байна.

- Бид хоолыг амттай л хийе гэхээс биш шим тэжээлтэй болгох тал дээр нь төдийлөн анхаардаггүй юм байна. Тэгвэл хоолыг шим тэжээл сайтай байлгая гэвэл юунд анхаарах ёстой вэ?

- Мэргэжилтнүүд хоол хүнсийг үндсэн зургаан бүлэгт хувааж үздэг. Өөрөөр хэлбэл, бид ямар ч хоол идсэн зургаан төрлийн бодисыг авч байгаа гэсэн үг. Үүнд, уураг, нүүрс ус, өөх тос, амин дэм, эрдэс бодис, ус зэрэг шим тэжээлийн бодисуудаа бид үр тариа, мах, ногоо, тос, сүү, жимснээс авдаг. Энэ зургаан бүлэг хүнсээ өдөрт зөв харьцаатай хэрэглэх ёстой юм. Идэж байгаа хоолны өөх тос давамгайлаад ирвэл илчлэг нь багадаад зөв зохистой хооллолт биш болно гэж ойлгох ёстой. Таны өнгөрсөн зургаан сарын хооллолт бие махбодын тань өөрчлөлтийг илэрхийлдэг. Хүн хоолоо сайжруулаад явбал, хүсээд байгаа биеэ хамгийн багадаа зургаан сарын дотор л бүтээж чадна. Манай багш бидэнд “Амтны боол болж болохгүй ээ” гэж дандаа хэлдэг байсан юм. Одоо хүмүүс өөрийнхөө амтанд тааруулж л хоолоо сонгоод байна. Хэрвээ хооллолтоо өөрчлөхийг хүсэж байвал амтлах мэдрэмжээ хөгжүүлэх хэрэгтэй. Хүний амтлах мэдрэмж гурав хоногийн настай юм. Хэлэн дээр байдаг хэдэн мэдрэхүйгээрээ л бид нар хоолыг амталж байгаа. Хүүхэд хэлд ордогтой адилхан хүн амтанд дасаж ордог. Анх монголчуудын өргөн хэрэглээнд далайн байцаа нэвтрэхэд “Ямар хачин амттай юм бэ” гэх хүмүүс олон байсан бол одоо хүн болгоны дуртай хүнс болсон байгаа биз? Дүфүг гэхэд л иддэггүй байж байгаад одоо иддэг боллоо. Би ямар амтанд дуртай юм бэ, ямар байвал эрүүл байх юм бэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй.  

- Бид хоолтой холбоотой асар их мэдээлэл дунд амьдарч байна. Бас төөрөлдөж байна. Хоол зүйч хүний хувьд та тэр хүмүүст чиг баримжаа болох зөвлөгөө өгөөч?

- Хоол зүйч дэглэм санал болгодоггүй. Тэнцвэртэй хооллохыг л зөвлөнө. Биднээс зөвлөгөө хүсэж ирдэг хүмүүсийн зорилго, сэтгэл зүйгээс их зүйл хамаардаг. Турах, таргалах, эрүүл мэндийн шалтгаанаар гэх мэт. Хүн ямар нэгэн дэглэмийн үр нөлөөг тав, арван жилийн дараа л илүү тодорхой хардаг. Замбараагүй хоолны дэглэм барих юм бол хэдэн жилийн дараа биед чинь муугаар мэдэгдэнэ ээ гэж ойлгож болно.

- Мацаг барихыг хоол зүйч нар сайшаадаг уу?

- Мацаг барих тухайд бид санал нийлдэг. Гэхдээ тухайн хүний биеийн байдлаас хамаараад яах хэрэгтэй вэ гэдгийг нь шийднэ. Хүний бие биологийн цагаараа л байдаг. 2019 онд Нобелийн шагнал авсан нэг эрдэмтэн Circadian rhythm буюу хүний амьдралын хэв маягийн судалгаа хийсэн байдаг. Тэр судалгаанаас харахад, хүний биологийн цагийг тогтоодог молекулууд ажиллаж байдаг юм байна. Тэд унтаарай, сэрээрэй гэх мэт дохио өгдөг гэсэн үг. Хүн хоол идэхгүй өлсөөд ирэхээр макрофаг гэдэг эс бидний биеийг эрүүлжүүлж цэвэрлэхэд тусалдаг юм байна. Тэр эсийг идэвхжүүлэхэд 12 цаг орчим хоол идэхгүй байхад болох юм. 24 цагаас дээш хоол идэхгүй болоод ирэхээр цөс өтгөрөх эрсдэлтэй. Мацаг барих муу биш, гэхдээ хэзээ вэ гэдэг нь л чухал. Тогтмол ч гэлээ хол зайтай байх ёстой санагддаг.  

- Танайх өөрийн гэсэн лабораторитой гэж сонссон. Тэр лабораторид судлагдаж хэрэглээнд нэвтэрсэн хүнс бий юу?

- Шим тэжээл судлалын төвөөс хүнсний бүтээгдэхүүн гаргадаггүй. Гэхдээ ШУТИС-ийн Хүнсний инженерчлэл, биотехнологийн тэнхимд хүнсний бүтээгдэхүүн нэг хэсэг хийж байсан. Манайд хүнсний судалгааны лаборатори гэж бий. Тэнд янз бүрийн хүнсэнд шинжилгээ хийж эхэлсэн. Шинээр хийх гэхээсээ илүү судалгаа шинжилгээндээ төвлөрч ажилладаг.

- Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Хоол зүйч мэргэжлийн тэр бүр хүмүүс мэддэггүй онцлог, давуу талаас хэлж өгөөч?

- Хүмүүсийг эм тариагаар биш амттай хоолоор эмчлэх боломжтой нь хамгийн сайхан санагддаг. Хоолны зөвлөгөө өгөхөөр яг хэлсний дагуу баримтлаад, цусны шинжилгээ нь сайжраад, үр дүн нь гараад явж байгаа хүмүүсийг харахаар энэ ажилдаа дуртай байдаг. Хоол бол хүний насан туршийн хэрэглээ. Харин эм бол богино хугацааных.

- Хоол зүйч хүн та өөрөө яаж хооллодог нь сонин байна?

- Би өмнө нь эмнэлэгт ажилладаг байсан. Тэр үед бүх хоолноос амсах хэрэгтэй болдог нь хэцүү санагддаг байлаа. Эмнэлгийн тогоочийн хийж байгаа бүх хоолонд үнэлгээ өгөх ёстой учраас яах ч аргагүй. Нэг бодлын хэзээ ч хоолгүй байхгүй нь гоё. Одоо боловсролын байгууллагад ажиллаж байгаа болохоор хөдөлгөөн хумигдсан. Сууж ажиллах шаардлагатай болохоор эхний ээлжинд жингээ барихыг зорьдог. Хоол зүйчид бүгд л тийм байгаа байх. Жингээ барьж байгаа учраас мэдээж, тэнцвэртэй хооллох зөвлөгөөг өөртөө өгөөд явдаг. Гэхдээ тухайн нөхцөл байдалдаа, өдөртөө тааруулаад сонголтоо өөрчлөөд явчихдаг.

- Хүний ходоодны хэмжээ хоёр гарын алга нийлүүлсэнтэй тэнцүү гэж ярьдаг. Энэ үнэн үү?

- Хүний ходоод байгаа хэмжээнээсээ дөрвөөс тав дахин томордог. Энгийн үедээ бол маш жижигхэн хэмжээтэй байдаг л даа. Тухайн хүний хооллох зуршил маш чухал. Бага багаар иддэг нэг нь байхад нэг дор иддэг нь байна. Идсэн нэг хоол хүний ходоодонд бүрэн боловсортлоо дөрвөн цаг орчим болдог юм. Ходоод суларсны дараа буюу амраасны дараа хоолоо идэх юм бол хамгийн зөв хооллолтын горим болно.

- Танай төвийн үйлчилгээний хөлс хэд байдаг вэ. Уншигчид сонирхож мэдэхийг хүсэх нь гарцаагүй байх?

- Ердийн болон чихрийн шижин, зүрх судасны гэх мэт тухайн өвчнөөсөө хамаардаг үзлэгүүд байдаг. Энгийн үзлэгээр ерөнхий байдлыг нь үнэлээд гаргаж өгөхөд 30-40 мянган төгрөг болно. Үзүүлсний дараа нэмэлт үйлчилгээ авья, долоо хоног, сарын хоолны төлөвлөгөө гаргуулья гэвэл үнэ нь нэмэгдээд явдаг. Сургалтын хуваарь, нээлттэй зөвлөгөөний цагаа ирэх сараас танилцуулахдаа тарифыг нь хэлнэ ээ. Бид нар бас бүлгийн сургалт гэж явуулдаг. Тэгэхээр хүмүүс багаараа ажиллаад хоорондоо туршлагаа солилцоод илүү сайн ойлголттой болж ирдэг юм.

- Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг “Bika Sandag” Фейсбүүк хуудаснаас авч ашиглав.

 

 

 

 

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.